IPO

Андеррайтерийн үйлчилгээнд шинэ үнэт цаасыг олон нийтэд зарах замаар хөрөнгө татан төвлөрүүлэх буюу олон улсын жишгээр IPO /Initial Public Offering/ ордог. Андеррайтерийн компани нь IPO хийхээр төлөвлөж буй компанитай тодорхой гэрээ байгуулж, олон нийтэд зарах, хөрөнгө татан төвлөрүүлэх ажиллагааг гардан зохион байгуулдаг. Гэрээний нөхцлөөс хамаарч андеррайтер нь борлуулахаар төлөвлөж буй үнэт цаасыг бүрэн борлуулах үүргийг хүлээх, борлогдоогүй үлдсэн үнэт цаасыг өөрийн хөрөнгөөр худалдан авах тохиолдол элбэг байдаг. Олон улсын жишгээр андеррайтер нь худалдан борлуулах үйл ажиллагаанд баталгаа гаргаж анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулах чиг үүрэгтэйгээр оролцдог бол Монголын зах зээлд андеррайтерийн компани үнэт цаасны танилцуулга бэлтгэх, зохицуулах байгууллагуудад бүртгүүлж зөвшөөрөл авах, шаардлагатай мэдээ мэдээллийг үнэн бодитоор олон нийтэд хүргэх, олон нийтэд үнэт цаасыг сурталчлан таниулж, борлуулах ажиллагааг цогцоор нь зохион байгуулдаг.

SPO

Нэмэлт хувьцаа гаргах үйл ажиллагаа нь аль хэдийн Хөрөнгийн биржийн бүртгэлтэй, хувьцаат компаниудад санхүүжилт шаардлагатай болох үед хэрэгжүүлдэг сонгомол аргуудын нэг юм. Компаниуд нэмэлт хувьцаа гаргахад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын төлөвлөгөө, түүнийг санхүүжүүлэхийн тулд хувьцаа эзэмшигчдийн гаргасан шийдвэр, төсөл танилцуулга, зохицуулах байгууллагын шийдвэр зэрэг IPO хийхэд шаардагдаж байсан бүх зүйлсийг хийх, олон нийтэд нээлттэй мэдээллэх шаардлагатай байдаг. Нэмэлт хувьцаа гарган хөрөнгө татах үйл ажиллагаа нь зээл авах, бонд гаргах зэрэг бусад санхүүжилтийн аргуудаас хамгийн бага өртөгтэй санхүүжилт болдгоороо давуу талтай байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хувьд одоогийн эзэмшлийн хувь нь нэмж гаргаж буй хувьцааны хэмжээнээс хамаарч буурдаг тул шийдвэр гаргалтанд нухацтай хандах хэрэгтэй болдог.

Нэмэлт хувьцаа гаргах ажиллагааг дараах үе шатлалтайгаар хийж гүйцэтгэдэг.

– Нэмэлт хувьцаа гаргах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, төсөл төлөвлөгөөг боловсруулах,

– Нэмэлт хувьцаа гаргахаар хувьцаа эзэмшигчид шийдвэрлэх

– Шаардагдах хөндлөнгийн үнэлгээ дүгнэлтүүдийг гаргуулах

– Үнэт цаасны танилцуулгыг боловсруулах, андеррайтертай гэрээ байгуулсан байх

– Зохицуулах байгууллагуудаас зөвшөөрөл авах, бүртгүүлэх

– Тэргүүн ээлжинд худалдан авах ажиллагааг зохион байгуулах

– Нэмэлт хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулах

– Нэмэлт хувьцааг борлуулсаны дараах үйл ажиллагаа зэргээр тоймлон харж болно.

Нэмэлт хувьцаа гаргахад хөрөнгө оруулагчид мэдээлэл илүү сайтай байдаг учир нэмэлт хөрөнгө оруулах эсэх тал дээр шийдвэрийг хурдан гаргадаг байна. Тиймээс үйл ажиллагаа болон засаглал сайтай компанийн хувьд нэмэлт хувьцаа гаргах нь хөрөнгө оруулалт татах хамгийн сайн сонголт болж чаддаг байна.